Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гурвалжингийн гүүрний ойролцоо байрлах
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн харьяа 110 кВ-ын агаарын
шугамын тулгуур № 24-т согтуу хүн авирсантай холбогдуулан Баруун, Умард,
Сэлбэ 110 кВ-ын дэд станцуудын хүчдэлийг бүрэн салгаад байна. Эдгээр
станцуудаас цахилгаан хангамжийн үүсвэртэй 1, 10, 3, 4-р хороолол,
Хайлааст, Яргайт, Чингэлтэй, Долоон буудал, Дэнжийн мянга, Дамбадаржаа
орчмын бүх хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдаад байгаа
юм.
Түүнийг буулгаж аврахаар Онцгой байдлын аврах алба, Цахилгаан дамжуулах
үндэсний сүлжээ ТӨХК -ийн ажилтнууд, Яаралтай түргэн тусламжийн
төвийнхөн ажиллаж байна.
Нийслэлийн олон мянган цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн эрх ашиг
хөндөгдөж УБЦТС ТӨХК-ийн Дуудлагын төвийн 70047004 дугаарын утас руу маш
их дуудлага ирж байгаагаас шугам ачаалалтай байгаад хүлцэл өчье.
УБЦТС ТӨХК