Thursday, May 29, 2014

О.Баасанхүү: Намайг ядуу байгааг мэдээд айлгаж байхгүй юу


баасанхүү    О.Баасанхүү гишүүнийг хүний нэр төрд халдаж, хэрэгтэн мэтээр олонд мэдээлсэн хэмээн Г.Батбаяр өмгөөлөгч 10 тэрбум төгрөг нэхэмжлэх нь зүй ёсны хэрэг гээд байгаа. Гэвч үүнтэй О.Баасанхүү гишүүн болоод зарим иргэд санал нийлэхгүй байгаа юм. Ер нь манай нийгэмд хэн хазгай гишгэж, хальтирч унах нь вэ?, хэний хэлсэн үгэн дээр тоглолт хийж болох уу гэдэг байдал сүүлийн үед давамгайлаад ч байх шиг. Мөн аль болох олны сонирхол татсан этгээдүүдийг "овоо хараандаа онилоод"  өөрөө "алдар"-ыг олох гэсэн хүмүүс ч цөөнгүй ажиглагдах юм.

Ядуу зүдүү, энгийн ард иргэдийнхээ тусын тулд юм хийж, зөв зүйл дуугарч явахгүй байж улс төржсөн элдэв зүйл хийгээд яваад байдаг хүмүүсийг Монголын ард түмэн сохор биш харж л байгаа байх. Энэ талаар О.Баасанхүү гишүүн ч өөрийн санал сэтгэгдлийг хэлээд авчээ. Тэрбээр "Сарангэрэл гэх охины нэр төрд халдсан гэж намайг үзээд байна. Гэвч Монголд байгаа мянга мянган хоригдлын эрхийн төлөө тэд  ярихгүй байж энэ асуудлыг сүрхий яриад байгааг нь ойлгохгүй байна. Би УИХ-ын чуулганы хаалттай хурал дээр тийм зүйл ярихгүй. Сэтгэлийн хөөрлөөр “Чи биеэ үнэлэгч, хар тамхичин хүмүүстэй тэмц ээ” л гэж Тэмүүжинд хэлсэн байж болох юм. Тэр хүн энэ хэрэг дээр ажиллаад, 10 тэрбумын нэхэмжлэлээ гаргаад яваг л дээ. Яахав, ядуу хүнд их мөнгө хэлэхээр аймаар сүрддэг байхгүй юу. Жишээлбэл, цалингаас цалингийн хооронд амьдардаг надад 10 тэрбум битгий хэл 10 сая төгрөг гэж хэлэхэд санаа зоволт байгаа. Би буруугүй ч гэсэн миний эхнэр, ээж, аав айна. Нээрээ буруудаад, их мөнгө төлөх болчихвол яана аа гэж. Шударга хүмүүс чинь ийм юмнаас айдаг байхгүй юу. Гарч байгаа процесс хэний зөв, буруу вэ гэхээс илүү үр дагавар нь санаа зовоох юм. Тэгэхээр нөхөр намайг ядуу байгааг мэдээд айлгаж байгаа байхгүй юу. Ингэж дайрч давшлах тусам Монголын ард түмэн надад улам л хайртай болох байх. Ажил хийж буй хүн алдаа гаргаж болно. Гэхдээ зорилго, утга нь зөв байх ёстой" гэжээ.