Арван сартай хүүгээ Гандангийн хүрдний хажууд орхиод явжээ гэх мэдээлэл нэг хэсэгтээ л нийслэлчүүдийн зүрхийг нь шимшрүүлж, “Эх хүн байж” хэмээн халаглах сэтгэгдэлийг төрүүлсэн. Гандангийн ойролцоо амьдардаг хоёр бүсгүй оройн хоолоо идчихээд салхинд гарангаа хүрд эргүүлэхээр "Жаст" дуганы хаалгаар орж иртэл том модон хүрдний хашлага дотроос цурхирч, ядарсан хүүхдийн уйлах чимээ холоос сонсогдож. Нялх хүүхдийн уйлах чимээ гарсан газар руу гүйгээд иртэл 6-7 сартай болов уу гэмээр цайвар цагаан өнгийн комбинзон өмсүүлсэн хүүхдийг хүрдний баруун буланг налуулаад суулгасан байхыг олж харжээ.Уйлж суусан хүүг хүйтэн цементэн шалан дээр авч энгэртээ наан бүүвэйлтэл уйлахаа байж бүсгүйн царай руу байн, байн харан хошуугаа цорвойлгон өмөлзөж байсан гэдэг.
Хүүгийн хажууд хэдэн өдөр солих ээлжийн хувцас, бариултай аягатай тараг, шилэн савтай сүү (хүүгийн угж), 2-3 живхийг хар өнгийн гялгар торон дотор байжээ. Хүүгийн угжийг бариад үзтэл дээгүүр хэсгээрээ жаахан зайрмагтаж, тагнай ташим хүйтэн байсныг Гандангийн харуул хэлж байсан. Мөн “Бумбайсан булцгар хацартай, биеийн өсөлт сайтай сэргэлэн “муухай” хүү байсан. Өмссөн хувцсыг нь харахад ядарсан айлын хүүхэд биш. Сольж өмсөх ээлжийн хэдэн хувцсыг нь нямбайлан эвхэж тараг, сүүнийх нь дор хийсэн харагдана билээ. Хүүгийн бичиг баримт, захиа юу ч байгаагүй” гэж байсан билээ. Хүүг Гандангийн хүрдний хажуугаас олсон гэдгийг дуулаад өргөж авах хүмүүс нэлээд байсан юм. Гэтэл төд удалгүй хүүгийн ээж олджээ...
Хүүгийн эх нь Өмнөговь аймгийн харьяат нэгэн их сургуулийн төгсөх ангийн оюутан М.Б байжээ. Уг нь хүүг нь охины ээж нь хөдөө гэртээ хардаг байсан бөгөөд оны өмнөх нь гэнэт нас барж, хүүгээ аргагүй эрхэнд өөрөө өсгөх болсон байна. Энэ талаараа тэрбээр цагдаад мэдүүлжээ. Сансарт байр хөлсөлж амьдардаг, дээр нь ажил төрөл хийдэггүй болохоор хүүгээ өсгөхөд хүнд болж. Мөн ээжийгээ нас барсанаас хойш хичээлдээ яваагүй тул хичээлээс нь хөөнө хэмээн айлгаж эхэлсэн байна.
Охинд хэдийгээр өвөө эмээ нь байдаг ч нас дээр гарсан улсууд болохоор хүнд өргүүлэх санал гаргасан байна.
Охинд ч өөр боломж байхгүй тулд өргөж авах хүн хайж эхэлжээ. Хүнээ ч олж. Гэтэл яг өргөж авахын даваан дээр эмнэлгээр шинжилгээ хийлгэтэл тархины саажилттай гэсэн онош гарчээ. Эмч нь ч хүүг өргөж авах гэж байсан хүмүүст хүнд өвчтэй хүүхдийг өргөж авах хэрэггүй гэж зөвлөж, нөгөөдүүл нь ч татгалзсан байна. Аргаа барьсан оюутан өөр ямар ч зам байхгүй хэмээн тэр нэгэн орой хүүгээ Гандан дээр орхижээ. Хүүгээ орхичихоод Гандангийн ойролцоо байдаг найзындаа очоод сууж байтал гэнэт буруу зүйл хийсэн юм шиг санагдаад буцаж очтол байхгүй байсан тухай охин мэдүүлэгтээ дурдсан байна.
Энэ хооронд төрөл төрөгсөддөө хүүгээ асрамжийн газар өгсөн гэж хэлж байжээ. Нөгөөдүүл нь хэр байгаа бол очиж эргэе гэтэл утасны дугаарыг нь устгачихсан гэх мэт жигтэй зүйл ярьж, гадуур ч ганданд хүүгээ орхисон хэрэг гарлаа гэх мэдээлэл гарч эхлэх нь зэрэгцсэн тул хар авч эхэлсэн байна. Өмнөговь аймгийн шүүх энэ бүхнийг харгалзан үзээд охинд 270 цагийг албадан хөдөлмөр эрхлэх шийтгэл оногдуулжээ. Мөн түүнийг эцэг эх байх эрхээ хасуулсан хэмээгээд хүүд өөр асран хамгаалагч олж өгсөн байна.