Thursday, May 29, 2014

“Хүннү Эйр” нь “Изинис”-ийн араас орох магадлал өндөр байна.

Эдийн засгийн хямрал нийгмийн бүхий л салбарт нүүрлэж байна. Өнгөрөгч тавдугаар сарын 22-ны өдөр иргэний агаарын тээврийн "Изинис Эйрвиз" компани үйл ажиллагаагаа зогсоож, 200 гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн харамсалтай мэдээлэл бий. Мөн Оюутолгой компани 250 ажилчдаа цомхотгосон.  Дампуурсан “Изинис”-ийн удирдлагууд улс орны эдийн засгийн байдал хүндэрч, үнэтэй шатахуунаар цаашид алдагдал ихтэй нислэг үйлдээд байх боломжгүй учраас үүдээ барилаа хэмээсэн. Аливаа улс орны хямрал яах аргагүй нисэхийн салбарт эхэлж нүүрлэдэг. Учир нь гадаадын болон орон нутгийн нислэгүүдийн суудал дүүргэлт муу , хоосон нисэх нь ихэсдэг учраас яах аргагүй дампуурахад хүрдэг. Зорчигч, ачаа тээврийн хэмжээ ийнхүү эрс буурсан нь зөвхөн "Изинис эйрвиз"-ийг хөлдөө чирээд зогсохгүй дотоодын авиа компаниудын үйл ажиллагаанд ихээр нөлөөлөх болжээ.


      Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар "Хүннү Эйр" компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, “Изинис”ийн араас дампуурлын эрмэгт ирээд байгаа тухай хэлсэн. Тус компани сүүлийн хоёр сарын турш ажилчдынхаа цалинг олгоогүй гэсэн мэдээлэл байна. Үүнийг компаний дотоод нууц гэдэг байдлаар нэлээд чандлаж байгаа аж. Гэсэн хэдий ч хоёр сарын турш цалингаа аваагүй ажилчид энэхүү мэдээллийг өөрийн эрхгүй тараалаа.

      "Хүннү эйр" компани дотоодын 10 чиглэлд, олон улсын 6 чиглэлд “Покер-50” “Аэрбас-А319” маркын онгоцоор нислэг үйлддэг. 2014 оны 06-р сарын 09-ний өдрөөс эхлэн анх удаа "Улаанбаатар-Парис" чиглэлд шууд нислэг хийж эхлэхээр бэлтгэл ажлаа базааж байгаа. Гэвч олон улсын чиглэлийн нислэгт нь Сөүл, Бээжингийн ашигтай маршурт байдаггүй. Токио, Бангконг, Шанхай, Хонг-Конгийн чиглэлд нислэг хийж байгаа ч энэ нь давтамж болон зорчигдын урсгал бага юм.

       Иргэний нисэхийн салбарт Төрөөс баримтлах бодлого, Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан Улаанбаатар хотыг холбосон нислэгийн чиглэлийг 2 дахин нэмэгдүүлэх бодлогыг хувийн авиа компаниуд хэрэгжүүлэх үүрэгтэй аж. Гэхдээ ашигтай чиглэлд зөвхөн МИАТ компани нислэг үйлдэнэ. Бусад нь ашиггүй ч байсан үүргээ биелүүлэх нисэх ёстой гэсэн зарчмаар иргэний нисэхийн салбарт шударга бус өрсөлдөөн явагдаж байгаа учраас хувийн компаниуд ийнхүү хүнд байдалд орж эхлээд байгаа аж.

      “Хүннү Эйр” компаний санхүүгийн нөхцөл байдал нэлээд эртнээс муудаж эхэлсэн бөгөөд “Изинис Эйрвиз” компани үйл ажиллагаагаа зогсоохоос өмнө дампуурлаа зарлаж магадгүй гэсэн яриа явж байсан. Гэвч нэг өрсөлдөгч нь замаас гарсан нь тэдний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлтээр үйл ажиллагаагаа үргэлжүүлж байгаа гэх. Харин “Изинис эйрвиз” нислэгээ зогсоогоод 7 хонож байгаа ч дотоодын нислэгийн чиглэлд зорчигч болон ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдээгүй, мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байгааг хаа хаанаа дурдаж буй. Иргэний нисэхийн салбарт санхүүгийн хүндрэл учирвал энэ нь нислэгийн аюулгүй байдалд шууд нөлөөлдөг. Учир нь компаниуд аюулгүй байдал, техник үйлчилгээний зардлаа танахаас өөр аргагүй болдог. Ийнхүү “Хүннү Эйр” нь “Изинис”-ийн араас орох магадлал өндөр байна.